БХБЯ-наас Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын уулзалт, семинарыг Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгууллаа. Уулзалт, семинарт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дага С.Магнайсүрэн болон 16 аймгаас ирсэн 120 гаруй удирдах ажилтнууд оролцсон юм.

Уулзалт, семинарыг нээж БХБ-ын сайд Б.Мөнхбаатар:

-Бид энэ уулзалтаараа шийдэл хайж байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 90-ээд сумыг шинэчлэхээр тусгаж байгаа. Үүнийг хийхийн тулд инженерийн шийдэл,  ашиглалтын зардал, боловсон хүчин зэрэг нь ямар уялдаа холбоотой ажиллах зэрэг асуудлуудад санал бодлоо солилцно. Та бүгдийн саналыг нэгтгэх ажлын хэсэг байгуулагдана. Салбар дундын уялдаа холбоо хийгдэнэ. Эрчим хүчний яам, Зохицуулах хороо судална. Бид хийсэн ажлуудаа дүгнэж, ирэх жил мөрийн хөтөлбөрт тавигдсан сумдыг шинэчлэн ажиллана. Сумдын шинэчлэл гурван янзаар хөгжинө.

Нэгдүгээрт, инженерийн хангамж, хоёрдугаарт, иргэдийн хандлага, оролцоо. Говь-Алтай аймгийн Тайшир суманд Гэгээн нуур гэж монголд хүний гараар бүтсэн том нуур бий болсон. Манай улс түүхэндээ гүний усаар усны хангамжаа хангаж ирсэн. Анх удаа гадаргын уснаас Алтай хотын хүн амын ундны асуудлыг шийдэхийн тулд Австрийн Засгийн  газрын тусламжаар нуураас ус татаж байгаа. Тэр нуурын усыг яаж, ямар технологиор  цэвэршүүлж, хүн амын ундны эх үүсвэрт нийлүүлэх талаар ажил хийгдэж байна. Бид төв цэвэрлэх байгууламж, аймгуудын цэвэрлэх байгууламж, сумуудтай холбоотойгоор боловсон хүчний асуудлаа ярилцах ёстой. Боловсон хүчний бодлоготой явахгүй бол мөнгө байвал зодоод хийчихнэ. Дараа нь түүнийг хэн ажлуулах вэ хандлагаасаа эхэлнэ. Тиймээс инженерийн асуудлыг суманд шийдсэний дараа иргэдийн оролцоо маш чухал. Иргэд байж хандлага өөрчлөгдөнө. Гэхдээ  эхний тулгамдаж байгаа асуудал бол инженерийн хангамжийн  асуудал дээр аймгийн төв болон сумдын хэмжээнд анхаарч ажиллах хэрэгтэй. Тиймээс өнөөдрийн энэ уулзалт, семинарыг зохион байгуулж, шийдлээ хэлэлцье.

Төв аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатар:

-Засгийн газар шинээр байгуулагдсан өнөөгийн цаг үед БХБЯ шуурхайлан ажилдаа орж нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнд төрийн болон нийтийн аж ахуйн салбарын төв орон нутгийн аж ахуй нэгж, инженер техникийн ажилчдын төлөөлөл оролцож байгаа нь төрийн бодлого төсөл арга хэмжээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцох, тулгамдаж буй асуудлаар зөв гарц шийдэл олох, хамтран шийдвэрлэх, ирэх дөрвөн жилд юунд анхаарлаа хандуулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд тун сайхан боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байна. Манай аймгийн хувьд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, жилдээ гурван сая орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай шинэ нисэх онгоцны буудал, Монгол Улсын анхны 32 км хурдны зам ашиглалтад  орлоо. Мөн Засгийн газраас “Шинэ зуун” хот “Майдар” гэсэн хоёр томоохон хотыг байгуулах шийдвэр гарч, эдгээр хотууд болон Зуунмод хот Сэргэлэн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулсан эдийн засгийн чөлөөт бүс , зам тээвэр хөгжүүлэх, хот байгуулалтын томоохон инженерийн дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн иргэдийн ая тухтай амьдрах тохилог орчинг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүн амын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх таатай орчинг бий болгох, байгаль орчинд ээлтэй ашиглалтын зардал хямд найдвартай технологийг нийтийн аж ахуйн салбарт нэвтрүүлэх зорилгоор нийтийн аж ахуйн бодлогоо 2017 онд шинэчилэн батлуулж дараах асуудлуудыг шийдвэрлэж эхэллээ. 

Хүн амын тоонд үндэслэн сумын хөгжлийн загвар байдлаар бүх сумын төвийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болголоо. Ерөнхий төлөвлөгөөний дагуу сумын төвийг төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг эхлүүлж 24 сум, төвлөрсөн халаалтын зургаан сум, цэвэр дулаан хангамж, ариутгал татуургын шугам сүлжээнд холбогдоод байна. Гэр хорооллыг цэвэр усны болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбох ажлыг хийж эхлээд байна. Мөн сумын төвөөс алслагдсан багийн гэр хорооллын айл өрхийг хэрхэн шийдвэрлэх тал дээр шийдлээ олж чадаагүй байна. Мөн нийгмийн салбар сургууль цэцэрлэг, дотуур байруудын 60 гаруй хувийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ариун цэврийн байгууламжтай болголоо. Гэр хорооллын айл өрхүүдийг хашаандаа тохилог амьдрах, түүнээс орлого олж болохуйц эко тохилог хашаа төслийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж эхэллээ. Орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, хямд өртөгтэй орон сууц, түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Арван аймгийн төвийг дулаан хангамжаар хангах төслийн хүрээнд Зуунмод хотод дулааны станцыг байгуулахаар олон улсын тендер зарлагдаад байна. Цаашид бид бүхэн сум орон нутагт нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд хариуцсан мэргэжилтэн байхгүйгээс хот төлөвлөлт инженерийн барилга байгууламж шугам сүлжээний асуудал орхигдож, инженер, техникийн ажилчид дутмаг байна.

 Орон сууцны тухай  хуулийг шинэчилнэ.

БХБЯ-ны НААБХЗГ-ын дарга О.Лхагвацэдэн:

-Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулга, хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга мөн төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт,“150 мянган айл” үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулсан. 

Орон сууцны тухай  хуулийн үзэл баримтлалыг боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд ажлын хэсэг байгуулагдсан.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг батлуулсан. Мөн Засгийн газарт хүргүүлж, хуралдаанд оруулахад бэлэн болоод байна.

Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг арван жил  буюу 2030 он хүртэл үргэлжлэх бодлогын баримт бичиг байгаа. Энэ бодлогыг баримт бичгийг Засгийн газраар батлуулсан. Мөн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулж, төлөвлөгөөг холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг удирдлага зохицуулалтаар ханган ажиллуулж байна.

“150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр /2019-2023/ таван жил хэрэгжих бөгөөд хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулж, хөтөлбөр хэрэгжих үйл ажиллагааны  төлөвлөгөөг Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулсан. Мөн холбогдох байгууллагуудад хүргүүлж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллаж байна. 

Орон сууцны чиглэлээр өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлуудаас “түрээсийн орон сууц” Засгийн газрын өмнөх жилүүдийн мөрийн хөтөлбөрт 20 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх хөтөлбөр байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд төрийн түрээсийн орон сууцыг 3054-ийг ашиглалтад оруулж, түрээслүүлээд байна. Орон сууцны мэдээллийн санг хийж олон нийтэд хүргэсэн. Oronsuuts.mcud.gov.mn хаягаар орж орон сууцтай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой.

Шинээр болон шинэчлэн боловсруулж, батлуулсан журам, норм, дүрэм, стандартыг боловсруулсан. Одоогийн байдлаар 10 төрлийн стандарт, норм, дүрэм боловсруулагдаад явж байна.

Салбарын хүрээнд дараах төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:

-Тайшир-Алтай ус хангамжийн төсөл 2021 он

-Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр, цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн -Усыг боловсруулж дахин ашиглах үйлдвэр барьж ашиглалтад оруулах 2025 он

-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих 2022 он

-Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх 2020 он

-Барилгын салбарын ХХЯ-ыг бууруулах төсөл 2020 он

-Аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежментийн төсөл

Хуримтлагдсан өр төлбөр 36 тэрбум төгрөгт хүрчээ.

Уулзалтад оролцогчид “Аймгуудын төвийн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, тулгамдсан асуудал”, сумын төвийн хөгжилд “Нийтийн аж ахуйн байгууллага”-ын оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Нийт 200 нийтийн аж ахуйн байгууллага байдгаас орон нутагт 41 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг аж. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр байгууллагаас дөрөв нь ашигтай, бусад нь алдагдалтай ажилласан байна. Нийт хуримтлагдсан өр төлбөр 36 тэрбум төгрөгт хүрээд байгаа гэнэ. Тиймээс цаашид нийтийн аж ахуйн байгууллагыг хэрхэн, яаж хөгжүүлэх  гэдэг дээр оролцогчид саналаа солилцлоо байлаа.

 Ялангуяа сумдад нийтийн аж ахуйн байгууллага, усны үнэ тарифтай холбоотойгоор ашиглаад явах байгууллага байхгүй. Орон нутгийн засаг захиргааны хүмүүс хариуцдаг байна. Тиймээс сумдад салбарын мэргэшсэн боловсон хүчнээр хангах нь  хамгийн түрүүнд  шийдэх асуудал гэнэ.

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.