УИХ-ын чуулганы хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан бүтээгдэхүүн болох хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц ажиллагаа юм. Гэтэл хот суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй, байгальд шууд хаяж, орчныг бохирдуулан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаанд 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжийн талаас илүү хувь нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас үүдэн жилд 120 сая гаруй шоо метр бохир ус байгальд шууд хаягдаж байна. Түүнчлэн цэвэрлэх байгууламжид ирсэн бохир усны багагүй хэсгийн төлбөр тооцоог хариуцах эзэн олдохгүй байгаа нь ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг алдагдалд оруулж байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдав.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хуулийн төслийг дэмжиж байгаа ч хариуцлагын механизм тусгаагүйг шүүмжилж байлаа. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат усны төлбөрийн талаар ямар бодлого барьж байгааг тодруулав. Улсын хэмжээнд иргэдийн усан хангамжийг хянахын тулд байцаагч ажиллуулахаар тусгасныг ажлын хэсгийнхэн хэлэв. Мөн усыг үнэгүй түгээдэг. Харин түгээх зардалд тохируулан нэг литр усыг 80-90 мөнгөний төлбөртэй байгааг холбогдох албаныхан хэллээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо © 2023 он.