2023 оны 06 сарын 14-16-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн “Чандмань-Баянхонгор” ХК нь ОСНАА-н салбарын Хангайн бүсийн уулзалт зөвлөгөөн, ажил мэргэжил, спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тэмцээнд оролцсон Өвөрхангай аймгийн “Онги-Ус” ОНӨААТҮГ, “Хархорин ус суваг” ОНӨААТҮГ, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл ус суваг” ХХК, Булган аймгийн “Булган Мээж” ХХК НАА-н байгууллагууддаа ажлын амжилт хүсье.
Өнөөгийн Баянхонгор сонины нийтлэлийг хүргэж байна. /Нийтлэлийн эх сурвалж Өнөөгийн Баянхонгор сонин/
ТЭД ИНГЭЖ ЯРИВ
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хархорин ус суваг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хүний нөөц, бичиг хэргийн ажилтан н.Түвшинжаргал:
Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна вэ?
-Хоёр жил тутамд зохион байгуулагддаг хангайн бүсийн нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын ажил мэргэжлийн уралдаанд манай Хархорин ус суваг хоёр дахь удаагаа оролцож байна. Манай байгууллага сумынх гэдэг утгаараа цөөн 19 ажилтан байдгаас 16 нь энэхүү тэмцээнийг зорин ирсэн. Нийтийн аж ахуйн салбарын хангайн бүсийн уралдааны онцлог нь бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэг нэгнээсээ туршлага судлах, нөхөрсөг тэмцээн зохион байгуулдагаараа онцлогтой.
Танайх сум хэрнээ аймгуудтай мундаг сайн өрсөлдөж байна шүү?
-Тийм ээ. Таван аймагтай ганцхан сум оролцож байна. Манай сум их том сум болохоор сумдаа ус сувгийн байгууллагатай байдаг юм.
Тэмцээнд танай байгууллага хэр амжилттай оролцож байна вэ?
-Уралдаан тэмцээн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болж байна. Манай байгууллагын хувьд ч гэсэн шаггүй амжилттай оролцож байгаа.
Баянхонгорт өмнө нь ирж байсан уу? Гадны хүний нүдээр ямар харагдаж байна?
-Анх удаа танай аймагт ирж байна. Манай ажилчид ч мөн бүгдээрээ анх удаа Баянхонгорт зочилж байгаа. Анхны сэтгэгдлээр бол маш цэвэрхэн, цэгцтэй, зохион байгуулалт сайтай аймаг гэдэг нь илт харагдаж байна. Тэмцээний дараа аймагтай танилцаж гадуур явна. Тэгэхээр бүр илүү гоё, сонирхолтой зүйлс олж харах байх. Илүү сайхан танилцана аа.
Танд баярлалаа
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
“Хөвсгөл ус суваг ХХК”-ний Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хэлтсийн инженер Уянга:
-Өнөөдөр Баянхонгор аймагт 14 хүний бүрэлдэхүүнтэй ирээд тэмцээндээ амжилттай оролцож байна. Одоогоор шатрын төрөлд эмэгтэй хоёрдугаар байр, волейбол эмэгтэй мөн хоёрдугаар байрт тус тус шалгараад байгаа. Тэмцээнд оролцож байгаа бусад бүх баг тамирчдадаа амжилт хүсье.
Танай байгууллага хичнээн ажилтантай вэ?
-“Хөвсгөл ус суваг” ХХК 160 ажилтантай. Ур чадварын тэмцээнд сантехникийн засварчинтайгаа оролцохоор ирээд байна.
Манай аймагт анх удаа ирж байна уу?
-Тийм ээ. Анх удаа ирж байна. Их цэвэрхэн хот санагдлаа. Хүмүүс нь боловсон соёлтой харилцаатай хүмүүс байна лээ. Маш тухтай буудалд байрлуулж, сайхан хоол ундаар дайлж байгаа нь холоос ирсэн бидэнд ая тухтай сайха байна. Бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Булган аймгийн “Булган МЭЭЖ” ХК-ний хүний нөөцийн менежер Д.Отгонтуяа
Энэ өдрийн мэнд хүргэе. Нийтийн ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний ойд зориулан жил бүр бүсийн тэмцээн болдог. Би анх удаа Баянхонгор аймагт ирж байна. Баянхонгор аймгийн төв том, цэлгэр сайхан газар байдаг юм байна. Таван аймаг тэмцээндээ баг хамт олноороо амжилттай оролцож байна. Энэхүү тэмцээн цаашдаа өргөжиж, улам олон аймаг оролцдог болох байх аа гэж бодож байна. Хүрэлцэн ирсэн бүх баг тамирчдадаа амжилт хүсье.
Энэ удаагийн тэмцээн урьд өмнөх тэмцээнүүдээс юугаараа онцлог болж байна вэ?
-Баянхонгорт болж буй энэ удаагийн тэмцээн зохион байгуулалт маш сайтай болж байна.
Аймгууд хоорондоо нөхөрсөг уулзалт хийж, туршлага судалж, ажил мэргэжлийн ур чадвараараа уралдаж байгаа нь хэр ач холбогдолтой вэ?
-Маш үр дүнтэй. Энэ жилийн тэмцээний бас нэг онцлог нь ур чадварын тэмцээн зохион байгуулагдаж байгаа. Тус тэмцээнд инженерүүд оролцож байгаа учраас тухайн мэргэжлийн онцлогийг харуулсан сайхан уралдаан болсон. Инженерүүд маань үнэхээр чадварлаг байлаа. Улс орондоо нийтийн ахуй үйлчилгээний, ус сувгийн салбарт ямар үйл ажиллагаа явуулдаг вэ тэр бүгдэд оюун ухаанаа яаж тэлэх вэ гэдэг хамгийн чухал тэмцээн байлаа.
Булган аймгийн баг бүрэлдэхүүн бусад аймгаас юугаараа давуу гэж хэлж болох вэ?
-Манай Булган аймаг гурван үеийн түүхэн хэлхээг агуулж байгаа. Учир нь ажилчид маань залуу, дунд, ахмад үеийнхэн эн тэнцүү байдаг. энэ хэлхээг тасралтгүй явуулахыг эрхэм зорилгоо болгодог учраас манай байгууллагын бусдаас ялгарах давуу тал юм болов уу.
Танд баярлалаа.